Хайр минь хүлээлтэндээ нуруу шиг чилж
Дур минь дэлбэрэх гээд дарс шиг шуугиж
Дэр минь ганцаардаад хун шиг өнчирч
Уулга алдах учирлыг удаан хүлээж байна
Үүд минь баярласандаа хэрээ шиг бархирах
Үг минь догдолсондоо сувд шиг бөмбөрөх
Цай минь хөөрч хүүхэд шиг дэвхцэх
Цонх минь цочирдож толь шиг хөлрөх
Үйл явдлыг үсээ цайтал хүлээж байна
Уруул минь үнсэлтийг чинь үгүйлэн хатаж
Ухаан минь цэнгэлийг хүсэмжлэн хагсарч
Мэдрэхүй минь үнэрээр чинь дутагдаж
Мэдрэл минь аалиар чинь амьсгалах гэж
Хайраар чинь цанган хүлээж байна
Бараа бараагаа харалцсандаа балмагдах
Биеэ барьж чадахгүй тэврэлдэх
Зүрхээ дарж үгээ мартах
Зүүдээ гүйцээж магнай хагарах
Аймаар учралыг амьсгаагаа түгжин хүлээж байна
Б. Ганчимэг